Захирлын мэндчилгээ
Дархан – Өргөө Политехник коллеж нь МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 7 дугаар сарын 2- ны өдрийн 20 дугаар тогтоолоор Дархан хотын Барилгын техникум нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш 1990 онд Барилгын сургалтын төв, 1992 онд Барилгын шаталсан сургалтын төв, 2000 онд Дархан-Өргөө сургууль, 2012 онд Дархан- Өргөө Политехник коллеж болон Мэргэжлийн боловсролын салбарт нэр хүндтэй сургууль болж өргөжин хөгжиж байна.
1980 онд анхны төгсөлтөө хийснээс хойш Барилгын болон хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 28 000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэн улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Бидний цаашдын зорилго чиглэл нь техник технологийн мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамж бүхий мэргэжилтэнүүдийг бэлтгэн гаргахад чиглэгдэж байна.
Мэргэжлийн боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ирээдүйн хөгжлийг авч явах, өндөр боловсролтой мэргэжилтэн болоход тань манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Дархан – Өргөө Политехник коллежийн захирал Б.Нарантуяа